Бидний түүхҮүсэл хөгжил
- ∵1997 онд Хужирт суманд Улсын математикийн XXXIII олимпиад болов.
- +Хархорин сумын баг анх удаа оролцож, 2-р байр эзлэв.
- +Багш М.Сугар мөнгөн медаль хүртэв.
- ∴
1997 он, Хужирт. Эх сурвалж: сургуулийн товч түүх.1997 оны 4-р сарын 27-ноос 5-р сарын 3-ны хооронд Өвөрхангай аймгийн Хужирт суманд Монголын математикийн олимпиадын хорооны дарга, МУИС-ийн Алгебр-геометрийн тэнхимийн эрхлэгч Ц.Дашдоржийн нэрэмжит Улсын математикийн XXXIII олимпиад зохион байгуулагдав.
Хархорин сумын 10 жилийн 1-р сургуулийн математикийн багш, аймгийн математикийн олимпиадын 5 удаагийн аварга М.Сугар энэ олимпиадад аймгаа төлөөлж, Хархорин сумаас анх удаа баг бүрдүүлэн оролцов. Баг нь 2-р байр эзэлж, багш өөрөө мөнгөн медаль хүртсэн нь Хархорин суманд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулах боломжтойг нотолсон үйл явдал болсон.
М.Сугар багш, шавь нарынх нь олон удаагийн амжилт, Улсын Багшийн их сургуулийн математикийн тэнхимийн багш В.Адьяасүрэн, М.Сугарын ангийн анд, математикийн багш Н.Дайвий-Од нарын санал санаачилга, сурагч, эцэг эхчүүдийн хүсэлтэд тулгуурлан Хархорин суманд МГСС байгуулах их үйлс өрнөсөн юм.
Тухайн үед аймгийн Засаг дарга байсан О.Батмөнх хүүхдийн математик авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх нь цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцнэ гэдгийг мэдэрч, М.Сугарын үйл ажиллагааг бүх талаар дэмжин гүн туслалцаа үзүүлсэн байна.
1996 онд батлагдсан Боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургууль нь ердийн, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэв шинжтэй байна гэж заасан.
1997 онд Монгол Улсын Засгийн газраас «Сургалтын байгууллагын бүтэц, ажиллагсдын орон тоог оновчтой болгох зарим арга хэмжээний тухай» 156 дугаар тогтоол гарсан. Ингэснээр боловсролын байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн юм.
1997 онд М.Сугар захиралтай, хойд бүсийн 5 сумыг хамарсан сургалт явуулах математикийн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль байгуулах тухай Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарчээ. Үүний дагуу Хархорин сумын Засаг даргын 1997 оны 95 дугаар захирамжаар одоогийн 10 жилийн 2-р сургуулийн 3 давхрын зүүн жигүүрт МГСС-ийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулахаар шийдвэрлэв.
Ингэж Монгол Улсын хэмжээнд хөдөөгийн суманд анхны математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулагдсан түүхтэй билээ.
1997–1998 оны хичээлийн жилд МГСС 6 багш, 2 ажилчин, 4–8-р ангийн 137 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Анхны захирлаар Алтан гадас одонт, Улсын математикийн XXXIII олимпиадын мөнгөн медальт М.Сугар, хичээлийн эрхлэгчээр биеийн тамирын багш Л.Цэрэнлхүндэв томилогдов. Монгол хэл, уран зохиолын багш С.Мэргэнбаатар, математикийн багш Ц.Бямбадоо, англи хэлний багш Д.Болормаа, бага ангийн багш Д.Дэлгэрнасан, нярав Б.Лхагвасүрэн, бичээч Ч.Лхагвасүрэн нар тулгыг нь тулж, галыг нь бадраасан түүхтэй.
Математикийн хичээлийг гүнзгийрүүлэн зааж, сурагчдын математикийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгмийн жишиг шаардлагад бүрэн нийцсэн суралцагчдыг бэлтгэн гаргах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг сургуулийн удирдлага, багш нар хүлээсэн. Тэдний өмнө сургалтын орчныг бүрдүүлж, сургуулийн тасралтгүй хөгжлийг хангах томоохон зорилго тавигдсан.
Энэ зорилгыг бүтээлчээр хэрэгжүүлсний үр дүнд тус сургууль сургалтын орчин, багшлах боловсон хүчин, суралцагчдын тоо, авьяас чадварын хувьд жилээс жилд бэхжиж, улс, аймагт өрсөлдөх чадвартай хамт олон болжээ.
Анхны багш нар. Өвөр эгнээнд зүүн гараас: захирал М.Сугар, хичээлийн эрхлэгч Л.Цэрэнлхүндэв. Ар эгнээнд зүүн гараас: математикийн багш Ц.Бямбадоо, бага ангийн багш Д.Дэлгэрнасан, гадаад хэлний багш Д.Болормаа, монгол хэл, уран зохиолын багш С.Мэргэнбаатар
Анхны 1 дүгээр ангийн сурагчид, багш Д.Хишигсүрэн, 2001 он